МЕНЕЖМЕНТИЙН УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Менежмент хэмээх үг нь Англи хэлний to manage буюу удирдан чиглүүлэх, Латин хэлний manu agere буюу гараар
зангах, Франц хэлний manageu буюу удирдах хэмээх үгнүүдээс бүтсэн
болно. Италид дундад зууны үед үйлдвэр, худалдаа, өмч хөрөнгө хариуцан ажиллах
хүнийг manneggiare хэмээн нэрлэдэг байв. Manager хэмээх үг
Европ хэлний үгийн санд 1588 онд, харин management гэх үг 1589 онд орсон боловч Оксфордын тайлбарт 1670 онд
анх хэрэглэсэн гэж бичжээ.
Эртний Грект удирдлагын ухааныг
урлагийн түвшинд ойлгож, демагоги хэмээн нэрлэдэг байсан ба үүнийг
хөгжүүлэхэд гүн ухаантан Платон (Plato) томоохон хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлийн үйл явцыг
төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байдаг. Мөн түүний мэргэн багш Сократ
(Socrat) үйл ажиллагааны янз бүрийн салбар дахь манлайлагчдын үйл
байдлыг шинжлэн судлаад хүнтэй харьцах арга нь нийтлэг шинжтэй гэсэн зарчмын
дүгнэлт хийсэн байна. “Хамгийн гол нь
шаардлагатай хүнээ хэрэгтэй газар нь байршуулж, тавьсан
зорилгодоо хүрэх явдал мөн” гэжээ.
Эртний Ромд гүн ухаантан Катон (Katon) газар эзэмшигч патрициудад дараахь зөвлөмж өгсөн байдаг.
Өөрсдийн газар ажиллагч плебей нарт хийх ажлуудыг нь нарийн хувиарлаж өгөх мөн
ажлаа хийснийх нь сүүлээр нэг бүрчлэн танилцах, ажлаа хийж амжаагүй бол ямар
учраас цалгардсан болохыг тодлох, жил, жилээр ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй
гэсэн санаануудыг зөвлөсөн байна.
Удирдлагын сэтгэлгээний түүхэнд
томоохон хувь нэмэр оруулсан их хүн бол Италийн гүн ухаантан, улс төрийн
зүтгэлтэн Н. Макиавелли (Nicolla Machiawelli.,
1513) болно. Хаан
хүний ухааны царааг тодлох хамгийн төгс арга нь түүний тойрон хүрээлэгчид
өөрөөр хэлбэл түүнд ямар ухаан, билиг бүхий хүмүүс ойр шадарлаж байгааг тогтоох
явдал мөн. Хэрэв ухаан төгс, чадвартай хүмүүс хүрээлэх аваас түүний удирдах
чадварт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хаан хүн башир мулгуй, өөрийн аминч сонирхолыг
урьтал болгох хүнийг дэвшүүлэн хэрэглэвэл улс орон зүдрэх болно гэсэн байдаг.
Б. Карлоф “Ажил хэргийн стратеги” бүтээлдээ
өнөө цагийн удирдлагын ухаан мянган жилийн турш бүрэлдэн тогтсон гэх баримтыг
өгүүлсэн байдаг. Энэхүү баримтыг хүснэгтлэн дор хавсаргав.
Удирдлагын ухааны он цагийн хэлхээс
Он жилүүд
|
Хувь хүн буюу
бүлэг
|
Менежментийн
ухаанд оруулсан хувь нэмэр
|
МЭӨ 5000 он
|
Шумерчууд
|
Баримтуудыг дугаарлаж, бичиг үсэг
үүсгэсэн
|
МЭӨ 4000 он
|
Эртний Мисир
|
Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт
чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн
|
МЭӨ 2600 он
|
Эртний Мисир
|
Удирдах байгууллагад төвлөрөлийг
сааруулах үзэгдэл бий болгосон
|
МЭӨ 1800 он
|
Хаммураби хаан
|
Ажлын хөлсний доод түвшинг тогтоох,
хяналт хэрэгжүүлэхэд гэрч, бичиг баримт ашиглах мөн хариуцлага хүлээлгэх
оролдлогыг сэдсэн
|
МЭӨ 1491 он
|
Еврейчүүд
|
Зохион байгуулалтын скаляр зарчим
нэвтэрүүлсэн
|
МЭӨ 600 он
|
Навуходоносор хаан
|
Үйлдвэрлэлийг хянах, ажлын хөлсөөр
дамжуулан урамшуулах
|
МЭӨ 400 он
|
Гүн ухаантан Сократ
|
Менежментийн нийтлэг зарчмыг
томъёолсон
|
МЭӨ 400 он
|
Мэргэн Ксенофонт
|
Менежментийг онцгой төрлийн урлаг гэж
үзсэн
|
МЭӨ 175 он
|
Улс төрийн зүтгэлтэн Катон
|
Удирдлагын ажлыг тодорхойлох
оролдлого хийсэн
|
20 он
|
Исүс Христос
|
Нэгдсэн удирдлага. Алтан дүрэм. Хүний
харилцаа
|
1100 он
|
Газала
|
Менежерт тавигдах шаардлага
боловсруулсан
|
1835 он
|
Маршалл, Логман
|
Менежментийн ухааны ач холбогдол, үр
нөлөөг хүлээн зөвшөөрсөн
|
1881он
|
Жозеф Вартон
|
Дээд сургуульд үйлдвэрлэлийн
менежмент хичээлийг заалгаж эхэлсэн
|
1900 он
|
Фридрих У. Тэйлор
|
Шинжлэх ухааны менежмент; системийн
хандлага; боловсон хүчний менежмент; хөдөлмөр, менежментийн хооронд зохист
харилцаа тогтоох; үүргийн зохион байгуулалт, өөрийн өртөгийг тогтоох, ажлын
цагийн судалгаа, шинжлэх ухааны менежментийн тодорхойлт; менежерийн ажил,
судалгаа, стандарт, төлөвлөлт, хяналт дээр тулгуурлах
|
1916 он
|
Анри Файоль
|
Менежментийн ухааны анхны бүрэн онол,
менежментийн үүрэг, зарчим боловсруулж, менежментийн ухааныг их, дээд
сургуульд заах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн
|
1916 он
|
Александр Г. Черч
|
Менежментийн функциональ үзэл
баримтлал боловсруулсан
|
1919 он
|
Моррис Л. Кук
|
Менежментийн ухааныг янз бүрийн
салбарт ашиглаж эхэлсэн
|
1927 он
|
Элтон Мэйо
|
Бүлгийн социологи үзэл баримтлал
|
1943 он
|
Линдэлл Урвик
|
Менежментийн ухааны зарчмуудын
хамаарлын тогтоох
|
1949 он
|
Норберт Винер
|
Мэдээллийн онол дахь системт
шинжилгээг боловсруулсан
|
1976 он
|
Розмари Стюарт
|
Менежерүүдийн ажлын хязгаарлалт,
боломжит нөхцөлүүдийн тухай
|
1985 он
|
Тем Петерс
|
Удирдлагын ухаанд ажилчдад хэрхэн
хандаж ажиллах тухай
|
Менежментийн ухаан XIX-р зууны сүүл,
XX-р зууны эхээр шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд дэвшин хөгжсөн байна. Энэ
ухааныг Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор (Frederick Winslow Taylor., 1903, 1911) цогцлоосон гэж үздэг ч хараахан тийм биш юм.
Америкийн алдарт бизнесмэн Жозеф Вартон
(Joseph
Wharton., 1881) 1881 онд Пенсильваний их сургуульд 100,000 доллар өгч,
“Санхүү, Эдийн Засгийн Вартон Сургууль”-ийг
байгуулсан бөгөөд энэхүү сургуулийн гол зорилго нь үйлдвэр, худалдаа эрхлэх
манлайлагчдыг бэлтгэхэд оршиж байсан ба сургалтандаа менежментийн ухааныг
тусгай хөтөлбөрөөр зааж байсан гэсэн баримт байдаг. Дашрамд өгүүлэхэд Америкийн
“Financial
Times” сэтгүүлд
дурьдсанаар энэ сургууль 2000-2009 оны хооронд дэлхийн №1 санхүү, эдийн засгийн
сургууль, 2011 онд Лондонгийн эдийн засаг, бизнесийн сургуультай хамт мөн энэ
байр сууриа хадгалсан байна. 1915 онд АНУ-ын Тиск Дортмунтын коллежид анхны
менежер бэлтгэх анги нээгдсэн байна. 1919 он гэхэд Америкийн 12 сургуульд
боловсон хүчний менежмент (одоогоор хүний нөөцийн менежмент) хичээл зааж эхэлсэн байдаг. Харин 1913 онд Америкийн 50
компанид судлагаа, шинжилгээ, удирдлагын хэлтэс байгуулагдсан байна. Энэ
бүгдээс гадна Америкийн “Yale and Towne Manufacturing” компаний
тэргүүн Хэнри Робинсон Таун (Henry Robinson Towne.,
1896) 1896 онд
Америкийн Механик-Инженерийн Холбооны ээлжит хурал дээр “The Engineer as Economist” нэртэй илтгэл
тавьсан байх агаад үүндээ анх удаа үйлдвэр, худалдаа эрхлэх тусгайлсан хүмүүс
бэлтгэх нь зайлшгүй ба тэднийг менежер гэж нэрлэвэл зохино гэсэн зарчмын
шинжтэй санаа дэвшүүлсэн байна. Мөн шинжлэх ухааны зарчмуудыг үйлдвэр, худалдаа
эрхлэх үйл ажиллагаанд нэвтэрүүлж, нэгдүгээрт үйлдвэр эрхлэгчдэд дээд зэргийн
ашиг өгөх, хоёрдугаарт тэнд ажиллаж буй жирийн ажилчдад материаллаг аж байдлаа
дээшлүүлэхэд нь дэм болохоор өөрчлөн байгуулж хөгжүүлэх хэрэгтэй гэх дүгнэлт
хийсэн байна.
Эндээс бид
менежментийн ухааныг Уинслоу Тэйлор бус, харин Хэнри Таун үндэслэсэн гэх зарчмын
санааг гаргаж болох юм.
Менежментийн ухаан бий болоход өгүүлэн
буй үеийн нийгмийн харилцаа онцгой нөлөө үзүүлсэн байна. Англи, Америк дахь аж
үйлдвэрийн хувьсгал нийгмийн харилцааг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр
хурцатгасан ба нэг талаар баян чинээлэг үйлдвэр эрхлэгчид, нөгөө талаас люмпен гэх үгээгүй ажилчид хоёр туйлийг
бүрдүүлж байв. Германы эрдэмтэн Карл Марксын хэлсэнчлэн “алсан хүнийхээ гавлын
ясан аягаар цэцгийн бал шимээгүй цагт сэтгэл нь
үл ханах шүтээн адил” зэрлэг
капитализм энэ үед түгээмэлжиж байв. Дээр өгүүлсэн хоёр туйлийн харилцаа
хүйтрэхийн хирээр нийгэмд улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал
гаарч эхэлсэн учир үйлдвэр эрхлэгчид аж ахуй эрхлэх арга барилаа өөрчлөх,
ингэснээр ажилчдын зүгээс үзүүлж буй эсэргүүцлийг мохоох янз бүрийн арга сэдэх
болсон юм. Чухам нийгмийн энэ хэрэгцээний биелэл болж менежментийн ухаан
үүсчээ.
Менежментийн ухааны хөгжлийн явцад үзэл
санааны дараахь үндсэн зургаан дэг, сургууль бий болсон байна. Үүнд:
Шинжлэх ухаанч удирдлагын сургууль буюу дэг
Удирдлагын засаг захиргааны сургууль буюу дэг
Удирдлагын хүний харилцааны сургууль буюу дэг
Удирдлагын эмпирик сургууль буюу дэг
Удирдлагын нийгмийн тогтолцооны сургууль буюу дэг
Удирдлагын шинэ сургууль буюу дэг гэсэн зургаан
үзэл санааны чиглэлийг багтаадаг болно.
No comments:
Post a Comment